/ / Цагдаагийн байгууллагаас явуулсан "Нэг хором" аян үр дүнгээ өгчээ

Цагдаагийн байгууллагаас явуулсан "Нэг хором" аян үр дүнгээ өгчээ

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг 2019 оны 03 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй зохион байгуулав.

Нэг. Ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр: Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын боксын холбоод аяныг дэмжин оролцож, тэмцээн, уралдаануудыг зохион байгуулав. Аяны зорилго, ач холбогдол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлээс татгалзуулах зорилгоор урлаг, спортын олны танил 120 орчим хүнийг аянд нэгдүүлж, нийтийн цахим сүлжээгээр дэмжүүлсэн. “UB palace”-ийн их танхимд Улаанбаатар хотын их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын 8000 орчим оюутан,сурагч нарыг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төв, орон нутгийн сургуулиудад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар сургалт, өдөрлөг, мэтгэлцээн явуулсан.

Ухуулга нөлөөллийн 50.000 ширхэг зурагт хуудсыг хэвлүүлж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлэн гудамж талбай, олон нийтийн газар, аж ахуйн, нэгж байгууллагад байрлуулсан. Мөн гудамж талбай, олон нийтийн газарт байрлах лед дэлгэц, самбараар аяны хүрээнд хийгдсэн шторк, дууг түгээсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн 2, хувийн хэвшлийн 19 автобус компани, СӨХ-той хамтран нөлөөллийн зурагт хуудас, шторкийг автобус болон цахилгаан лифтэнд байршуулсан.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад сарын хугацаатай “Найрсаг-соёлч үйлчилгээ” аяныг өрнүүлсэн. “Соёмбо” ХХК, “Nextgalaxy” ХХК-тай хамтран караокены төхөөрөмжинд согтууруулах ундааны хор уршгийг таниулах, хэрэглээг хязгаарлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх фото мэдээлэл, видео шторкыг гаргуулах ажлыг эхлүүлсэн. “Хархорин”, “Нарантуул” худалдааны төвүүдэд дүүргийн Тамгын газар, худалдааны төв, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудтай хамтарч өдөрлөг зохион байгуулсан. Аяны “Нэг хором” дууг “Чоно” хамтлаг, “SS” студи, “Түргэн ууртай тэнэг баатрууд” дууг “АПУ” ХХК-тай хамтран бүтээж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 33 богино долгионы радио, 15 телевизээр нэвтрүүлж байна. “Скайтел”, “Жи мобайл”, “Юнител” зэрэг үүрэн холбооны оператор компанийн хэрэглэгч нарт “Хэрүүл, маргаан, үл ойлголцлыг нударгаар биш ухаан, уучлалаар шийдье” гэсэн масс мессэж явуулсан. “Өргөө” 1, 2, “I Max”, “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Зайсан хилл”, “Соёмбо” зэрэг 8 кино театртай хамтран шторк, бичлэгийг кино эхлэх болон дуусах цагуудад гаргуулж байна.

“Их монгол 99.7”фм радиотой хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургамжит үг, нөлөөллийн титэм үг боловсруулж цаг тутам мэдээлж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хуулийн булан ажиллуулж байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аяны хаалтын ажиллагааг “Нэг хором спорт өдөрлөг” нэртэйгээр спортын холбоодтой хамтран зохион байгуулав.

Хоёр. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилласан байдал: Энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, урьдчилан сэргийлэх арга зам, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг бууруулах, таслан зогсоох чиглэлээр авч арга хэмжээг таниулах зорилгоор “МҮОНРТ”, MN25, TV5, TV9, VTV, “HD Монгол” зэрэг 25 телевиз, өдөр тутмын 3 сонин, 68 сайт, 33 фм радиогоор телевизийн 5 хэлэлцүүлэг, 6 зорилтот нэвтрүүлэг, 44 мэдээ сурвалжлага, 49 ярилцлага өгч ажилласан.

Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн ойлголт, шалтгаан нөхцөл, хор уршиг, хүлээлгэх хариуцлага, хохирогч, үйлдэж байгаа этгээд, гэмтлийн зэргийн ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам, үйлдэгдсэн хэрэг зэрэг 10 сэдвийн хүрээнд 40 хэвлэлийн мэдээ, сурвалжлага бэлтгэн “zaluu.com”, “Itoim”, “news.mn”, “medee.mn”, “gogo.mn” зэрэг нийтийн сүлжээнд өдөр бүр нийтлүүлж, бусад цахим сайтуудад тогтмол түгээсэн.

Гурав. Нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл түгээсэн байдал: Аяны PR төлөвлөгөө, уриа үг, цахим фрэйм, баннер, логог “Вайрил партер” ХХК-ний маркетингийн багтай, нөлөөллийн постер, контент, мэдээллийг (фото, видео, график) телевиз, мэргэжлийн студитэй хамтран хийсэн.

Аяны хугацаанд нийтийн цахим сүлжээгээр ухуулга нөлөөллийн 3, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах видео контент 4, аяны нөлөөллийн дуу клип 2, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах зурган постер 32, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах мэдээлэл 25, нөлөөллийн үгтэй зураг 65, арга хэмжээний шууд дамжуулалт 3, зорилтот бичлэг 21, мэдээ 16 зэрэг нийт 171 ширхэг мэдээ, мэдээлэл, контентыг инстаграм, твиттер, фэйсбүүкт оруулсаныг 7.203.313 хүн үзсэн байна. “Нэг хором” аяныг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо идэвхитэй байсан. Аяны хугацаанд буюу энэ оны 03 дугаар сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна