/ Мэдээллийн ил тод байдал / Хууль, дүрэм, журам / АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ

АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ

АЖИЛД АВАХ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХОД ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж, суралцах иргэнийг судлах, ажилд томилохтой холбоотой харилцааг зохицуулна.

901.2. АЖИЛД АВАХ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХОД ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

901.2.1.Цагдаагийн болон төрийн бусад байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 25, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу албанаас халагдсан, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш тус тус 1 жилийн хугацаа өнгөрөөгүй бол тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад ажилд томилохоос татгалзах үндэслэл болно.

901.1. ЗОРИЛГО

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж, суралцах иргэнийг судлах, ажилд томилохтой холбоотой харилцааг зохицуулна.

901.2. АЖИЛД АВАХ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХОД ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

901.2.1.Цагдаагийн болон төрийн бусад байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 25, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу албанаас халагдсан, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш тус тус 1 жилийн хугацаа өнгөрөөгүй бол тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад ажилд томилохоос татгалзах үндэслэл болно.

/Энэ заалтад ЦЕГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 673 дугаар тушаалаар нэмж найруулсан./

901.2.2.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах, суралцах иргэнд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан болзол болон дараах нийтлэг, тусгай шаардлага тавигдана.

Эдгээр шаардлагуудын аль нэгийг хангахгүй бол цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэж үзнэ.

901.2.3.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах, суралцах иргэнд тавигдах нийтлэг шаардлага:

а/цагдаагийн байгууллагад суралцаж, ажиллахыг сайн дураар хүссэн 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

б/ажиллаж сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй байх;

в/бүрэн дунд болон түүнээс дээш зэрэглэлийн боловсролтой байх, улс төрийн нам, эвсэл холбооны гишүүн бус; байх шаардлага тавигдана.

901.2.4.Эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлага

а/мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, цэргийн албанд тэнцэх эсэх тухай дүгнэлт гарсан байх;

б/сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэмжээнд тохирч байх, оюун ухааны хөгжлийн түвшин дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байх;

901.2.5.Бие бялдар, гоо зүйн шаардлага

а/бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;

б/биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;

в/биеийн өндөр эрэгтэй 170, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;

г/цагдаагийн байгууллагад ажиллах, суралцах иргэн нь цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн CS 9129057.32.01:2007 шалгуур үзүүлэлтийн D үнэлгээг хангасан байх. Үүнд:

 

Эрэгтэй 18-25 нас

1. Гийр өргөлт / 1 минутад /                                                 - 24 удаа

2. 3000 метрт гүйх                                                                  - 13 минут

3. 100 метрт гүйх /босоо гараанаас /                                   - 15,0 сек

4. Гар дээр суниах                                                                 - 54 удаа

5. Дүүжин савлуурт                                                               - 12 удаа

 

Эрэгтэй 26-30 нас

1. Гийр өргөлт /1 минутад/                                                   - 22 удаа

2. 3000 метрт гүйх                                                                 - 14 минут

3. 100 метрт гүйх /босоо гараанаас /                                  - 15,5 сек

4. Гар дээр суниах                                                                - 50 удаа

5. Дүүжин савлуурт                                                               - 10 удаа

 

Эмэгтэй 18-21 нас

1. Сандал /30 см өндөртэй/ дээгүүр харайх / 30 секунд/ - 20 удаа

     2. 1000 метрт гүйх                                                                 - 4,50 минут

     3. 100 метрт гүйх /босоо гараанаас/                                   - 17,5 сек

     4. Гар дээр суниах                                                                - 30 удаа

     5. Гэдэс таталт                                                                     - 48 удаа

 

Эмэгтэй 22-25 нас

     1. Сандал /30 см өндөртэй/ дээгүүр харайх / 30 секунд / - 20 удаа

     2. 1000 метрт гүйх                                                                   - 5.10 минут

     3. 100 метрт гүйх /босоо гараанаас /                                    - 18.0 сек

     4. Гар дээр суниах                                                                  - 28 удаа

     5. Гэдэс таталт                                                                       - 46 удаа

 

Эмэгтэй 26-30 нас

     1. Сандал /30 см өндөртэй дээгүүр харайх / 30 секунд / - 18 удаа

     2. 1000 метрт гүйх                                                                 - 5,30 минут

     3. 100 метрт гүйх /босоо гараанаас /                                  - 18,5 сек

     4. Гар дээр суниах                                                                - 26 удаа

     5. Гэдэс таталт                                                                     - 44 удаа

д/цагдаагийн байгууллагад ажиллах, суралцах иргэний биеийн жингийн индекс 18,6- 24,9 буюу хэвийн жинтэй, бүсэлхий, ташааны тойргийн харьцаа эрэгтэй 0,9, эмэгтэй 0,8 буюу хэвийн стандарт хангасан байх. Энэ стандартыг тогтоохдоо 947-д заасан журмыг баримтална.

е/бөхийн төрлүүд, хүндийн өргөлт гэх мэт биеийн жингийн илүүдэл, таргалалт шаардсан спортоор хичээллэдэг тамирчдад биеийн жингийн индекс болон бүсэлхий, ташаан тойргийн зохист харьцааны стандарт хамаарахгүй.

901.2.6.Боловсрол, мэргэжлийн шаардлага:

а/цагдаа, дотоодын цэргийн ахлагчаар бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой;

б/цагдаа, дотоодын цэргийн байгууллагын офицер албан тушаалд бакалавр, түүнээс дээш боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан мэргэжил эзэмшсэн;

в/эрүүлжүүлэх байрны эмчээр томилогдох бол эмчлэх эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх.

901.2.7.Ёс зүйн шаардлага:

а/цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хүсэл эрмэлзэл, чадвартай байх;

б/шударга зарчимч байх;

в/ёс суртахууны доголдолгүй;

г/зан төлвийн муу зуршилгүй;

д/харилцааны соёлтой;

е/цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан байгууллага, иргэдээс шан харамж, мөнгөн тэтгэмж авч авлига хээл хахуульд өртөхгүй байх, эрс татгалзах чадвартай байх;

ж/албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх.

901.2.8.Томилогдох, суралцах иргэний насны хязгаар

а/цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албанд 25 хүртэл, офицерын албанд 30 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулна;

б/алба хаах нас хэтэрсэн боловч мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардах цагдаагийн ажил, албан тушаалд 35 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулж болно;

в/дотоодын цэргийн ахлагчийн албанд 30 хүртэл насны 1 дүгээр зэргийн цэргийн үүрэгтэн, 35 хүртэл насны бэлтгэл офицерыг авч ажиллуулж болно;

901.2.9.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын академи, их, дээд сургуульд суралцах иргэний насны хязгаартай холбоотой асуудлыг тухайн жилийн элсэлтийн журамд тусгайлан зааж зохицуулж болно.

901.3.АЖИЛД ОРОХ, СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭНИЙГ СУДЛАХ

901.3.1.Цагдаагийн байгууллагад шинээр ажилд орох, суралцах иргэн хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллага, төрөл мэргэжлийн албадад хандан гаргаснаар судалгааг явуулж эхэлнэ.

/Энэ заалтад ЦЕГ-ын даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 691 дүгээр тушаалаар нэмэлт орсон./

901.3.2.Хүсэлт гаргасан иргэн ажиллахыг хүссэн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол нөөцийн бүртгэлд бүртгэн, хариу өгч, тухайн ажлын байранд мэргэшлийн шалгалт зарлагдсан үед хүсэлт гаргагчид мэдэгдэж, оролцох боломжоор хангана.

901.3.3.Иргэний хүсэлтийг үндэслэн эрүүл мэндийн дүгнэлт гаргах хуудсыг тухайн байгууллага иргэний овог, нэр, судлагдаж байгаа албаны нэрийг бичиж, тэмдэг даран баталгаажуулж өгнө.

901.3.4.Эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгийг нийслэлд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар хийнэ.

Шаардлагатай бөгөөд тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цагдаагийн алба хаагчийг байлцуулж болно.

901.3.5.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шинээр ажилд орох, суралцах иргэнийг эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн гэсэн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд цагдаа, дотоодын цэргийн хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагч, сэтгэл зүйч судална.

901.3.6.Хүсэлт гаргасан иргэн эрүүл мэндээр тэнцсэн тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан үеэс дараах бичиг баримтыг бүрдүүлэх ба тус бүрт хувийн хэрэг нээнэ.

а/цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн хувийн өргөдөл;

б/гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх; эхийн эцэг, эх; эхнэр / нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;

в/иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

г/боловсролын үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

д/сурагчийн хувийн хэрэг;

е/эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас;

ж/оршин сууж буй баг хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;

з/ял шийтгэлийн лавлагааны сангаас авсан ял шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт болон цагдаагийн газар, хэлтэст гэмт хэргийн учир шалгагдаж байсан эсэх талаар авсан лавлагаа;

и/урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

к/төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;

л/сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/;

м/эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

н/нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.

901.3.7.Судалгаа явуулж байгаа алба хаагч дээр дурдагдсан бичиг баримтыг хүлээн авахдаа эх хувь бичиг баримттай тулгаж үзэх бөгөөд тухайн иргэнээс өөрийнх нь талаар цагдаагийн алба хаагч судалгаа хийж, мэдээлэл цуглуулахыг зөвшөөрөх эсэхийг лавлан, зөвшөөрсөн тохиолдолд баталгаа бичүүлэн авч бичиг баримтуудын судалгааг явуулна. Шаардлагатай бол холбогдох байгууллагаас лавлагаа авч болно.

901.3.8.Гэр бүл, ахуй амьдралын байдлын талаарх судалгаа

а/гэр бүлийн гишүүдийн амьдралын хэв маяг, ажил, сургууль эрхлэлт, амьжиргааны түвшин;

б/ойрын төрөл садангийн хүмүүс болонн найз нөхдийн зүгээс үзүүлэх нөлөөлөл;

в/гаж зуршил, донтой буюу сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж байсан эсэх.

901.3.9.Нутгийн өөрөө удирдах ба захиргааны байгууллага, сурч, ажиллаж байсан газар, хөрш, зэргэлдээ амьдарч буй иргэдийн үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн хийх судалгаа:

а/иргэний үүргийн биелэлт болон оршин суугчдын дундах нэр хүндийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

б/гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай хэсгийн байцаагч, төлөөлөгч, цагдаагийн тодорхойлолт;

в/сурлага, хөдөлмөр, сахилга хариуцлага, зан чанар, хүмүүжлийн талаар сургууль, байгууллагын дарга, багш нийгмийн ажилтан, хамт ажиллаж сурч байсан хүмүүсээс асууж тодруулсан тодорхойлолт;

г/хөрш зэргэлдээ оршин суух иргэдтэй уулзаж тухайн иргэний болон гэр бүлийн амьдралын хэв маяг, нэр хүндийг судална.

Ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах

а/урьд ял шийтгэгдсэн эсэхийг улсын ял шийтгэлийн лавлагааны сангаас тухайн иргэнийг судалж байгаа эрх бүхий албан хаагч лавлагаа авч шалгана;

б/цагдаагийн газар, хэлтэст гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа эсэхийг холбогдох албадаас лавлагаа авч шалгана;

в/урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг тухайн судлагдаж байгаа иргэнээр шалгуулахыг хориглоно.

901.3.11.Сэтгэл зүйн байдлыг шалгах-Цагдаагийн байгууллагад ажиллаж, суралцах хүсэлт гаргасан иргэний сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь насны онцлогт тохирч байгаа эсэх болон тухайн иргэний оюун ухааны хөгжлийн түвшинг мэргэжлийн сэтгэл зүйч тогтооно.

901.3.12.Сэтгэл зүйн шалгаруулалтыг ярилцлага хийх болон сэтгэл зүйн сорил авах замаар явуулна:

а/ярилцлага хийх-тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл, сонирхлыг тодруулах зорилгоор иргэн, алба хаагч нэг бүртэй урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын дагуу болон тусгай багаж буюу полиграф ашиглан явуулна.

б/ярилцлагад тэнцсэн иргэний анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг танин мэдэхүйн үйл явц, бие хүний сэтгэл зүйн онцлог шинж, сэтгэл хөдлөл, мэдрэмж, оюун ухааны хөгжлийн түвшинг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн сорил авч, дүгнэлт гаргана.

901.3.13.Байгууллагын болон бусад нууцтай харьцах, гүйцэтгэх ажил эрхлэх алба хаагчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судална.

901.3.14.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийг томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, бууруулах болон хүний нөөцтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргах болон бусад хууль бус үйлдэл хийхийг хориглоно.

901.3.15.Судлагдаж байгаа иргэнээр цагдаа, дотоодын цэргийн албаны ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

901.3.16.Судалгааг зохих журмын дагуу хийгээгүй, бүрэн бус материал ирүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн, шаардлага хангахгүй иргэнийг судалж ирүүлсэн бол материалыг буцааж, хариуцлагагүй хандсан алба хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

901.3.17.Судалгаа нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөөд буцаж ажиллах хүсэлт гаргасан иргэнд нэгэн адил хамаарна.

901.3.18.Энэ журмын дагуу судлагдсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагад анх ажилд орох иргэн, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн болон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш  болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш тус тус 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд тухайн иргэн дахин цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан бол Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журмын дагуу мэргэшлийн шалгалт өгч, тэнцвэл Хүний нөөцийн хэлтсээс онооны дарааллыг харгалзан зарласан сул ажлын байр /албан тушаал/-нд санал болгон томилно.

/Энэ заалтыг ЦЕГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 673 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

901.3.19.Мэргэшлийн шалгалт авах, шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд авахад Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журмыг баримтална.

901.4.АЛБА ХААГЧИЙГ ТОМИЛОХ

901.4.1.Ажлын байрны шаардлага хангаж мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг ахлагч бүрэлдэхүүнд томилох асуудлыг Цагдаагийн төв байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгжийн зөвшөөрлийг үндэслэн харьяа албад болон нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, офицерын бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчийг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус тушаал гарган шийдвэрлэнэ.

901.4.2.Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг цагдаагийн албанд томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болох бөгөөд дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй. Туршилтын хугацаагаар ажиллуулахдаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 903-т заасныг баримтална.

901.4.3.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дарга шинээр томилогдсон алба хаагчийг цагдаагийн, эсхүл цэргийн тангараг өргүүлж, баталгаа гаргуулан авч, тухайн үйл ажиллагааны удирдамж, заавар, албан хаагчийн эрх, үүрэг, ажлын байрын тодорхойлолттой нь танилцуулж гарын үсэг зуруулна.

901.4.4.Цагдаагийн ахлагч алба хаагчийг цагдаа, дотоодын цэргийн бусад байгууллагад шилжүүлэх, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн иргэнийг ажлын шаардлагаар дахин томилох асуудлыг судлан үзэхдээ Цагдаагийн төв байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгжээс заавал зөвшөөрөл авна.

901.5.АЛБА ХААХ ГЭРЭЭ

901.5.1.Гадаад, дотоодын цагдаа, цэргийн мэргэжлийн сургууль төгсөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад томилогдон ажиллах албан хаагчтай “Цагдаагийн байгууллагын тухай хууль” болон холбогдох хууль тогтоомжоор тогтоосон албан тушаалтны үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр цагдаагийн төв байгууллага, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, алба хаагч нар тухайн томилсон ажлын байранд тогтвортой ажиллах зорилгоор гурвалсан гэрээ байгуулна.

901.5.2.Гэрээний биелэлтэд цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хяналт тавина.

901.5.3.Гэрээг 3 хувь үйлдэн гарын үсэг зуран баталгаажуулж, тухайн алба хаагчид, томилогдон ажиллаж байгаа байгууллагад болон цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид тус тус хадгална.

901.5.4.Алба хаагч хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээ цуцлагдвал Цагдаагийн их, дээд сургуульд суралцсан хугацааны сургалтад зарцуулсан бүх зардлыг Монгол Улсын Иргэний хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлөх хариуцлагыг хүлээнэ.

901.5.5.Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд алба хаагчаас суралцсан хугацааны зардлыг хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хувиар тооцож нөхөн төлүүлнэ.

• 1 жил хүртэл хугацаанд ажилласан бол 80 хувь

• 2 жил хүртэл хугацаанд ажилласан бол 60 хувь

• 3 жил хүртэл хугацаанд ажилласан бол 40 хувь

• 4 жил хүртэл хугацаанд ажилласан бол 20 хувь

901.5.6.Гэрээтэй холбогдон гарсан маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

-------оОо-------

 

 

 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна